Friday, June 24, 2011

Солонгос дахь монгол оюутнууд тусалж байна

Солонгос дахь өдөрлөгийг зохион байгуулахад тус улс дахь монгол оюутны холбоо буюу СМОХ-ын гишүүд бүтэн баг гарган оролцож байна. Тэд Сөүл, Бусан хоёр хотод зэрэг ажиллаж бүх бэлтгэл ажлыг гардан гүйцэтгэж байна.
Оюутнууддаа маш их баярлалаа.

МҮОНТВ, Ийгл ТВ нэвтрүүлэг хийнэ

Энэ ирэх хагас бүтэн сайнд болох "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг-Солонгост 2011" арга хэмжээг сурвалжлахаар Монголоос МҮОНТВ болон Ийгл ТВ-ийн сэтгүүлч, зураглаачдын баг Сөүл хотноо хүрэлцэн ирээд байна. Тэд энэхүү үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлан нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд цэнхэр дэлгэцээр хүргэхээс гадна онлайн ТВ-р хүргэх юм.

Бүсанд өдөрлөгийн үеэр иргэний шинэчилсэн бүртгэл хийнэ

Энэ бүтэн сайн өдөр буюу 6 сарын 26-ны өдөр Бүсан хотноо болох "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг-Солонгост 2011" арга хэмжээний үеэр иргэний шинэчилсэн бүртгэл хийгдэнэ. Уг ажлыг БНСУ дахь МУ-н элчин сайдын яам, Бүсан хот дахь өргөмжит консул, төрийн бусад байгууллагын дэмжлэгээр зохион байгуулж байна.
Бүсанд өдөрлөг болох газрын мэдээллийг эндээс үзнэ үү.

Өдөрлөгт оролцох төлөөлөгчид Сөүлд хүрэлцэн ирэв

"Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг - Солонгост 2011" өдөрлөгт оролцох төрийн байгууллага, ТББ, компаниудын хүний нөөцийн албан төлөөллүүд, хэвлэл мэдээллийнхэн БНСУ-н Сөүл хотноо хүрэлцэн очоод байна.
Тухайлбал, Мобиком корпорацийн Захиргааны албан захирал Б. Баярмаа, хүний нөөцийн мэргэжилтэн М. Соёлчимэг, MCS группын хүний нөөцийн менежер Б. Цолмон, АПУ ХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Т. Одгэрэл, Шунхлай группын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П. Ганцэцэг, Энержи Ресурс компанийн хүний нөөцийн албаны дарга Д. Батгэрэл нарын Монголын томоохон компаниудын төлөөллүүд уг өдөрлөгт оролцож, нээлттэй ажлын байр, цалин хөлсний нөхцөл, ажилчдын нийгмийн халамж зэргийн тухай танилцуулж, ажлын байр сонирхсон хүмүүсийн анкетыг хүлээн авч, ярилцлага хийнэ.
Мөн өдөрлөгт Хөдөлмөрийн Төв Биржийн төлөөлөл оролцож, уг бирж дээр бүртгэлтэй нээлттэй ажлын байрны тухай танилцуулгыг хийж, сонирхогчдийн анкетийг хүлээн авах юм.