Sunday, June 26, 2011

"Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг - Солонгост 2011" үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө

БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй элэг нэгт Монголчууд аа!

Хоёр сар илүү хугацаанд бэлтгэсэн "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг - Солонгост 2011" үйл ажиллагаа маань 6 сарын 25, 26-ны өдөр Сөүл, Бусан хотноо тус тус амжилттай болж өндөрлөлөө.

Сөүлд 350 орчим, Бусан хотод 250 орчим монголчууд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцлоо. БНСУ дэлхийн 15 орноос ажиллах хүч авдагаас анх удаа Монгол Улс өөрийн орон дахь нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байгаа юм байна.

Солонгост өдөрлөгийг газар дээр нь хийж гүйцэтгэсэн баг маань одоо буцах замдаа яваа бөгөөд Монголдоо ирсэн хойно илүү дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг Та бүхэнд хүргэе. Мөн Монголоос энэхүү үйл ажиллагааг сурвалжлахаар ирсэн хэвлэл мэдээллийнхэн өөрсдийн сувгаар олж харсан сонин содон зүйлээ олон нийтэд хүргэнэ.

"Цахим Өртөө Холбоо" ТББ


Friday, June 24, 2011

Солонгос дахь монгол оюутнууд тусалж байна

Солонгос дахь өдөрлөгийг зохион байгуулахад тус улс дахь монгол оюутны холбоо буюу СМОХ-ын гишүүд бүтэн баг гарган оролцож байна. Тэд Сөүл, Бусан хоёр хотод зэрэг ажиллаж бүх бэлтгэл ажлыг гардан гүйцэтгэж байна.
Оюутнууддаа маш их баярлалаа.

МҮОНТВ, Ийгл ТВ нэвтрүүлэг хийнэ

Энэ ирэх хагас бүтэн сайнд болох "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг-Солонгост 2011" арга хэмжээг сурвалжлахаар Монголоос МҮОНТВ болон Ийгл ТВ-ийн сэтгүүлч, зураглаачдын баг Сөүл хотноо хүрэлцэн ирээд байна. Тэд энэхүү үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлан нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд цэнхэр дэлгэцээр хүргэхээс гадна онлайн ТВ-р хүргэх юм.

Бүсанд өдөрлөгийн үеэр иргэний шинэчилсэн бүртгэл хийнэ

Энэ бүтэн сайн өдөр буюу 6 сарын 26-ны өдөр Бүсан хотноо болох "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг-Солонгост 2011" арга хэмжээний үеэр иргэний шинэчилсэн бүртгэл хийгдэнэ. Уг ажлыг БНСУ дахь МУ-н элчин сайдын яам, Бүсан хот дахь өргөмжит консул, төрийн бусад байгууллагын дэмжлэгээр зохион байгуулж байна.
Бүсанд өдөрлөг болох газрын мэдээллийг эндээс үзнэ үү.

Өдөрлөгт оролцох төлөөлөгчид Сөүлд хүрэлцэн ирэв

"Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг - Солонгост 2011" өдөрлөгт оролцох төрийн байгууллага, ТББ, компаниудын хүний нөөцийн албан төлөөллүүд, хэвлэл мэдээллийнхэн БНСУ-н Сөүл хотноо хүрэлцэн очоод байна.
Тухайлбал, Мобиком корпорацийн Захиргааны албан захирал Б. Баярмаа, хүний нөөцийн мэргэжилтэн М. Соёлчимэг, MCS группын хүний нөөцийн менежер Б. Цолмон, АПУ ХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Т. Одгэрэл, Шунхлай группын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П. Ганцэцэг, Энержи Ресурс компанийн хүний нөөцийн албаны дарга Д. Батгэрэл нарын Монголын томоохон компаниудын төлөөллүүд уг өдөрлөгт оролцож, нээлттэй ажлын байр, цалин хөлсний нөхцөл, ажилчдын нийгмийн халамж зэргийн тухай танилцуулж, ажлын байр сонирхсон хүмүүсийн анкетыг хүлээн авч, ярилцлага хийнэ.
Мөн өдөрлөгт Хөдөлмөрийн Төв Биржийн төлөөлөл оролцож, уг бирж дээр бүртгэлтэй нээлттэй ажлын байрны тухай танилцуулгыг хийж, сонирхогчдийн анкетийг хүлээн авах юм.

Tuesday, June 21, 2011

INVITATION: Tsahim Urtuu Job Fair Korea 2011 in Seoul & Busan

БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй элэг нэгт Монголчууд аа!

Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг Цахим өртөөний хамт олон, Монголын топ аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн албадаас хүргэж байна.

1999 онд байгуулагдсан Гадаадад суугаа монголчуудын Цахим өртөө сүлжээ, түүний вэб хуудаснаа олон мянган монголчуудын дунд Гадаадад хэрхэн суралцах вэ, Гадаадад хэрхэн ажиллах вэ, Хэрхэн ногоон карт авах вэ сэдвээр мэдээ мэдээлэл түгдэг байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр хэлэлцүүлгийн сэдвийн чиглэл нь өөр болох шаардлагатай цаг үетэй бид нүүр тулжээ.

Чухамдаа тухайн үед мөн л элэг нэгт та бүхний нэгэн адил гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байсан Цахим өртөөчид эхнээсээ эх орондоо эргэн ирж, нийгмийн бүхий л салбарт өөр өөрсдийн замналаар ажиллаж, амьдарч, Монгол дахь нийгэм, эдийн засгийн БОДИТ БАЙДАЛ-тай нүүр тулж байна. Басхүү өөрсдийн сурч мэдсэн туршлагаа ажлын байр, амьдрах орчиндоо түгээж, эх орны хөгжлийн хөдөлгүүрт багахан ч атугай хувь нэмэр болж байгаа нь ирж буй цагийн өнгө гэлтэй.

Тийм ээ, Цахим Өртөөчид өнөөдөр хэрхэн гадаадад гарах тухай бус, харин хэрхэн, яаж, хэзээ Монголдоо ирэх тухай мэдээлэл түгээхээр зориглолоо.

Хөдөө -> аймгийн төв -> нийслэл -> гадаадын улс орнууд гэсэн миграци буюу нийгмийн гоц үзэгдэл Монголд түгээмэл болоод 20 жил боллоо. Саяхан болсон хүн амын тооллогоор 107 мянган (албан бус тоогоор 160 мянга орчим) Монголчууд гадны улс орнуудад ажиллаж байгаа нь нэг талаас brain drain / human capital flight буюу оюунлаг, мэргэжлийн өндөр чадавхитай, мэргэшсэн ажиллах хүчний гадагшаа чиглэсэн миграцийн урсгал хүчтэй илэрч, улмаар нийгэмд чадварлаг мэргэжилтэн, мэргэшсэн ажилчдын хомсдолыг бий болсныг нотолж байна. Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд ойрын хугацаанд уул уурхай, барилга, дэд бүтэц зэрэг салбарт нийт 70 мянган шинэ ажлын байр бий болох гэж байгаа ч мэргэжилтэй ажилчдын тоо 30 мянга хүрэхгүй байна.

Өнөөдөр уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хурдасч, үүнийг дагаад гадаад дотоодын хөрөнгө оруулалттай бүхий л компани, аж ахуйн нэгжид мэргэжлийн болон оюуны өндөр чадавхитай боловсон хүчин болон мэргэшсэн ажилчдын хэрэгцээ асар их өслөө. Тэдгээр ажлын байруудын цалин хөлс, нэмэлт урамшууллын нөхцөл гадаад орнуудаас тухайлбал БНСУ-аас дутахааргүй, зарим тохиолдолд хэд дахин илүү байна.

Учир иймд бид энэ удаа БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй элэг нэгт Монголчууд Та бүхэндээ Монголын эдийн засгийн өнөөгийн чиг хандлага, хүний нөөцийн зах зээл, нээлттэй ажлын байрны мэдээллийг түгээх зорилгоор дотоодын олон ажил олгогч компаниудын хамт "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост - 2011" үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Цахим өртөө Холбоо ТББ-аас 2009 онд санаачилсан "BRAIN GAIN: Гадаадад суугаа монгол мэргэжилтнүүдийн оюуны урсгал, миграцийн чиглэлийг өөрчлөх нь" төслийн хүрээнд бид АНУ-ын Вашингтон, Сан-Франциско хотуудад БСШУЯ болон, төр, олон нийт, хувийн хэвшил, ажил олгогч байгууллагуудын хамт АНУ дахь Монголчуудад зориулсан "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг - 2010" үйл ажиллагааг 2010 оны 2 дугаар сард анх удаагаа амжилттай зохион байгуулсан нь уг үйл ажиллагааг цаашид тогтмол явуулах бодит шаардлага байгаа талаар бид гүн итгэл үнэмшил олж авсан юм.

Эх орноос ирж буй САЙН МЭДЭЭГ та бүхэн ирж сонсоорой. Өртөөлөн ирж буй Монголынхоо ажил олгогч компаний төлөөлөгч нартай Та заавал нүүр тулан уулзаарай. Та өнөөдөр эх орондоо ажиллаж амьдарч, аав ээж, гэр бүлтэйгээ ойр амьдрах цаг ирсэн байж болно. Цаг нь ирээгүй ч байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч Та заавал уг арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй.

Тун удахгүй бүгдээрээ Сөүл, Бүсан хотуудад уулзалцгаая.

Мэндчилсэн,

Туульч-Өөлд Д.Сайнбаяр
Цахим Өртөө Холбоо ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга
http://www.tsahimurtuu.mn/ 

Monday, June 20, 2011

2011.06.21: Өдрийн сонинд хэвлэлийн бага хурлын тухай мэдээ гарав

Хэвлэлийн бага хурал

Өнөөдөр буюу 2011 оны 6 сарын 20-ны өдрийн 12.00 цагт МҮОНТВ-ийн Олон нийтийн мэдээллийн төд "Монгол дахь нээлттэй ажлын байрны өдөрлөг Солонгост - 2011" үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хурал боллоо.
Тус хуралд Цахим Өртөө Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М. Тулгат, Б. Лутаа, гишүүн Ж. Саруултуяа болон БНСУ-н Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газарын Монгол дахь төлөөлөгч Юү Мён Сү нар оролцов.

Thursday, June 9, 2011

Өдөрлөгийн хөтөлбөр

  • Өдөрлөгийн зорилго, зохион байгуулагч байгууллагуудын танилцуулга
  • Видео бичлэг (нийгмийн зүтгэлтнүүдийн уриалга)
  • Монголын эдийн засгийн 1921-2009 он хүртэлх түүхэн замнал, гол үзүүлэлтүүд (ДНБ, хүний хөгжлийн индекс г.м)
  • Эрчтэй хөгжиж буй салбарууд дахь 60 мянган шинэ ажлын байрны боломжийн тухай тойм 
  • Дутагдаж буй мэргэжилтнүүд, ажлын байрууд, цалин хангамжийн нөхцлийн танилцуулга
  • Компаниудын  танилцуулга
  • Хэлэлцүүлэг, асуулт хариулт
  • Ажлын байрны ярилцлага буюу Job interview